, (GMT+08.00)
Реклам Улстөр-Нийгэм Оддын амьдрал Erotic Time (18+) Photonews Сонирхолтой бичлэгүүд Чөлөөт индэр
Нэвтрэх нэр: Нууц үг:
Монгол дахь намууд сөнөтүгэй
[ Нийтэлсэн: Freezone ]
2012.01.21
Нам сөнөтүгэй. Соц нийгмийн үед ингэж хэлсэн хүнийг нам төрийн эсэргүү, нарнаас илчтэй, ааваас ачтай, ээжээс элбэрэлтэй намыг минь ингэж хэлдэг эсэргүүг шууд бууд гэх байсан биз. Нэг хүний хэлснээр сөнөөд байдаг юм ч гэж хаа байхав. Хичнээн сөнөдөггүй байсан ч хэлсэн хүнийг цааш харуулах нь намын эрхэм бодлого байсан нь үнэн. Ардчиллын ачаар хүн юу санаснаа чөлөөтэй хэлэх эрхтэй болсон нь өнөөгийн гол ололт юм даа. Харин Монголд энэ олон намууд байх хэрэгтэй юу? Тэгвэл Монголчуудыг сөнөөх гол зэвсэг бол энэ олон нам хэмээх МАФИ бүлэглэлүүд юм. Ер нь нам гэдэг чинь “сэм нийлж, нам хуйвалдахыг” л хэлдэг бололтой юм. Тэгж бүлэглэн хуйвалдахаа одоо үед “Улс төрийн удирдах хүч” гэж нэрлэн бүлэглэн булагнаж, өөрсдийн эрх ашгаа хамгаалах гол хэрэглүүр болгодог аж. Тэр сэм нийлж нам хуйвалдсан хүмүүсийнхээ хүрээнд л ашигтай үйл ажиллагаа явуулахаас нийт улс оронд гай их чирдэг юм байна. Ер нь мафи гэдэг чинь өөрсдийн эрх ашгийг зэр зэвсэг, аллага хядлага, хүчирхийллээр бий болгодог хэсэг хүмүүсийн хуйвалдсан үйл ажиллагаа гэдэг. Тэгвэл манай мафи бол төрийн эрхийг үгсэн хуйвалдаж, мөнгө хээл хахууль, худал амлаж тархи угаах аргаар аваад өөрсдийн эрх ашгаа өөрсдийн эрх ашгаа хамгаалан суудаг намууд юм.
Урьд нэг намтай байхад бүхнийг гартаа төвлөрүүлэн дарангуйлал тогтоох нь ард түмэнд халгаатай байсан. Харин олон намтай болсноос хойш “ёстой сахил аваад шал дордов” гэдэг шиг болж Монгол улс хөгжлийн зам руу биш мөхлийн зам руу л гулсаад байх шиг. Монгол гэдэг гүрэн бий болсон 2200 гаран жилийн түүхэнд нам гэж бүлэглэлд хуваагдаж байсангүй.
Нэгэн захиргаа, нэгэн тугийн дор нэгдэн нягтарч дэлхийн талыг ч дайлан эрхшээж явсан баатарлаг ард түмэн. Өнөөдөр тэр дээр үеийнх шиг дайн дажин боллоо гэхэд манай нам, танай нам гэж дотроо талцан маргалдаж байгаад гадаадынхны идэш болох нь гарцаагүй биз. Олон намын балгаар өнөөдөр эх орон, ард түмэнд хэрэгтэй, олон шийдэх асуудлуудыг намууд өөрсдийн эрх ашгийн төлөө маргаанаар удаа дараа хойшлуулж улс орны эрх ашгийг хохироож байна.
Монгол улсыг тэжээх ашигт малтмалын талаар гарах олон асуудал удааширсныг та бүхэн мэдэж байгаа. Ингэж удааширснаар өдийд ард түмэнд өгөөжөө өгч байх уул уурхайн баялгийг ашиглах асуудал хойшилсоор өдий хүрлээ. Бас сонгуулийн асуудал ярьж олон жил болж байна. Сонгуулийн шударга тогтолцоотой болох тухай их ярьдаг ч яг ярих болохоор эрх баригч намууд нэг нэг санал гаргаад л гацчихдаг. Ингэсээр энэ асуудал шийдэгдэхгүй дараагийн сонгууль хүрч ч магадгүй. Хэрэв энэ мафи намууд байгаагүй бол аль хэзээний шийдээд цэгцрэх байсан. Намуудын маргаанаас болж Монголд гарч байгаа бүх хууль “цоорхой” хэн нэг хүчний эрх ашигт нийцсэн сиймхийтэй гарч байна. Намууд өөртөө зориулсан тэр сиймхийгээр улс орны эрх мэдэл, өмч хөрөнгийг завшиж байна. 
Өөрийн намдаа л ашигтай бол ямар ч бузар булхай гарч байсан чимээгүй өнгөрч, намд ашиггүй бол эсрэг хүчнээ дуу нийлүүлэн улс төржүүлэн муулж, гүтгэж гүжирдэж, аллага үйлдэж байна. Хэрэв ямар нэг нам байхгүй бол манай, танай гэх явдал байхгүй, маргалдаж сөргөлцөхгүй, хамтран асуудлаа шийдээд    явах боломжтой. Монголчууд олон намд хуваагдсанаар улс орон ард түмнийг хохироосон олон бусармаг явдлууд гарах болсон. Нэг намтай байхад ганцаар дарангуйлж байсан бол олон намтай болсноор орчлонгийн шившиг болж салж бутрах аюулыг авчраад байна. Олон намаас болж ах дүү, аав хүү, авгай нөхөр хүртэл талцан, бие бие рүүгээ хялайн харж, гэр бүл салж, ураг садан естөн болж байна. 1990 онд Ардчилсан холбооны гишүүн болсон хүнийг МАХН ажлаас нь халж амьдралаар нь хохироож эхэлсэн. Мөн өөрийн намын л хүн биш бол ямар ч сайн мэдлэг боловсролтой хүн байсан ажлаас халж оронд нь өөрийн намын л бол бараг бичиг үсэггүй хүнийг ч албан тушаалд тавьж эхэлсэн. Энэ өсөрхөл даамжирч, Ардчилсан нам ч гэсэн хариу барьж өөр намынхныг ажлаас халах, ажилд авахгүй байх хариу барьж эхэлсэн. Одоо хэрэгжээд байгаа жижиг, дунд зээлийг орон нутагт Ардын нам эрх барьж байгаа газарт бусад намынханд өгнө гэдэг гонж, харин хахууль сайн өгвөл олдож магад. Тэр байтугай та нар манай Ардын намд элсвэл ажилд авна гэж нэг сумын дарга хэлж байсан гэдэг. Бас өвчтэй хүнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр түргэн дуудаач өгөөч гэхэд манай намын хүн биш байна гээд тусламж хүргэхээс татгалзаж байсан гэдэг. Мөн жижиг үйлдвэрлэл эрхэлж байгаа хүнд дарамт үзүүлээд, манай намд ор гэж шахаж байсан явдал ч байсан. Ямар ч нам биш хүнийг ажилд орох гэхэд энэ нөхрийн аав нь, ах нь, ээж нь Ардчилсан нам гээд эжилд авахгүй явдал байсан. Энэ бол өшөө хорслыг бий болгож, Монгол хүн бие биендээ дайсагнах, өстөн бололцох эх үүсвэр болж байна. Өнөөдөр ард түмний амьдрал ингэж, доройтож байгаагийн гол нь намын ялгаварлах үзлээс болж байгаа юм. Тиймээс эзэн Чингисийн үеийнх шиг намгүй, нэгэн тугийн дор эв нэгдэлтэй амьдармаар байна. Нам гэдэг нэрийн дор хувийн эрх ашгаа дээд зэргээр бөөцийлсөн бүлэглэлүүд байгааг бид харж байна. Эдгээ бүлэглэлийн толгойлогчид, дэмжигчид л нам гэдэг нэрийн дор хувийн тоглолт хийж улс орны маань доройтуулж байна. Олон жил Монголын ард түмний толгой дээр суусан Ху нам/одоогийн Ардын нам/ түүний удирдагчид ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн шинэ нийгмийг ойлгож, сэтгэн дүгнэх чадваргүй байгаа нь олон улсын жишгээр урагшлан хөгжих замд их саад болж байна. Дагаж явсан манай улс байтугай дагуулж явсан коммунист үзлийн ууган орон Оросын коммунист удирдагчид хүртэл социалист, коммунист үзлээр удирдлага болгосон нийгэм нь цаашдаа явцгүй гэдгийг хүлээн зөвшөөрч коммунист намаа хүртэл хориглосон. Харин манай ардчиллыг өрнүүлэгчид МАХН-ыг хориглоогүй нь одоо өөрийнхөө толгойг цусдаж байгаагаа мэдэж байгаа байх. Харин хуучин Ху намын удирдагчид шинэлэг сэтгэлгээгээр сэтгэх чадваргүй учир хуучин арга барилаараа л муйхардаж, ард түмнийг дарангуйлсан хэвээрээ байхыг хүсч тэмцэж байна. МАХН /одоогийн Монгол Ардын нам/ Монголчуудыг олон жил ядууруулж ирсэн. Цалингаасаа өөр орлого олохыг эсэргүүцэх, өмч хөрөнгөтэй байхыг эсэргүүцэх, хувийн үйлдвэрлэл явуулахыг эсэргүүцэх гээд аль олон эсэргүүцлийг тэр гэхэв. Ард түмэн ч ардчилал бий болсноос хойш олон удаагийн сонгуульд Ху намыг голлон дэмжсэн, мөн л ардчиллыг ойлгоогүй, хуучин сэтгэлгээгээрээ хандаж байгаагийн илрэл биз. Бас сонгуулийн булхай луйвар нөлөөлсөн байх. МАХН /одоогийн Ардын нам/ сонгуулийн үеэр унаа, мөнгө хоёртоо дулдуйдаж өөрийн намаа дэмжигсдийг түүвэрлэн зөөж санал өгүүлдэг нь гол нөлөө байсан. Ард түмнээ эд хөрөнгөтэй, хэлэх ярих, эрх чөлөөтэй болгож, эх орондоо эзэн байлгах гэж тэмцсэн шинэлэг сэтгэлгээтэй, сэтгэн дүгнэх чадвартай залуучуудын итгэл зүтгэл 20-иод жилийн турш талаар болж ирсэн нь Монголын ард түмэнд л хохиролтой санагддаг. Харин ард түмний олонх түүнийг ойлгохгүй өдий хүрч ажилгүй, ядуурч, гадаад дотоодод тэнэж яваа нь ёстой “Илжиг модон хударгандаа дуртай” гэдэг үгийн үнэнийг харуулаад байх шиг. Уул нь соц нийгмийн үеийнх шиг өмч хөрөнгөгүй, үг хэлэх эрх чөлөөгүй Ху намын дарангуйлалд далайсан цагт нь далд орж, далласан цагт нь ил гарч ирж байвал таарах улс юм даа, бидний Монголчууд. Энэ олон нам Монгол орныг хэзээ ч Монголд нь гаргахгүй. Яагаад гэвэл олон толгойтой могой шиг тал тал тийшээ, өөр өөрсдийн санаагаар зүтгэн, нэгийнхээ ажилд нөгөө нь саад болсоор улс орныг улам доройтуулна. Доройтуулж ч байгааг та бүхэн харж байгаа. Намын гэдэг нэрийн дор хувийн эрх ашгаа дээдэлсэн олигархиуд шударга ёсны эсрэг үхтлээ тэмцэх н ь дамжиггүй. Яагаад гэвэл ардчилал, шударга ёс бүрэн ялбал тэд цаазын тавцанд зогсоно гэдгээ мэдэх учраас тэр. Одоо бүр нэг хүн 4-7 нам байгуулж байна гэж ард түмнээр тоглодог боллоо. Хэдэн жилийн өмнө манай улсын томоохон сэхээтэн, соён гэгээрүүлэгч Л.Түдэв гуай “Монголчууд намгүй нийгмийг хүсч байна” гэсэн нийтлэл “Дал” сониндоо тавьж байсан. Энэ бол үнэхээр анхаармаар сэдэв. МАН одоо ард түмнээ сонсъё гэсэн хэлэлцүүлэг явуулаад, ард түмний саналыг мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлнэ гээд л амлаад байна. Үнэхээр хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болдог бол МАХН /одоогийн МАН/-ын 70 жилийн удирдлагаар өдийд хөгжлийн дээд цэгт хүрсэн байх ёстой. Ард түмний саналыг хичнээн ч сонсоод хэрэгжүүлдэггүй л байхгүй юу. Тиймээс бид одоо ядуугийн туйлд л хүрч байна шүү дээ. Сүүлчийн 1,5 сая төгрөгийн амлалтыг ард түмэн авч байна уу? Сонгууль ялсны маргааш л өгнө гээд тойрч боргоогоод байсан гурван жил өнгөрөхөд таг. Уудам opондоo тархан суурьшиж явсан Монголчууд нам бүлэгт хуваагдан талцах дургүй байдаг. Нэгэнт бүлэг болон салбал тэмцэлдэхээс ч буцахгүй омголон улс. Тиймээс улс орны эв нэгдлийг бусниулах эхлэл болсон энэ олон /Дээд шүүхэд бүртгэлтэй 17 нам/ нам гэх мафиуд Монголчуудын амьдралд тус болохоосоо илүү ус болж байгаа учир “Намууд сөнөтүгэй!” гэмээр байна. Ирэх 2012 оны сонгуульд намаас нэр дэвшигчийг биш, намгүй бие даан нэр дэвшигчийг, болж өгвөл эмэгтэй нэр дэвшигчийг сонгохыг ард түмэндээ уриалмаар байна.

Эмэгтэйчүүд бол эрчүүд шиг авлига, архи, авгай гуравт унаж үхээд байхгүй. Өнөөгийн Монголгийн энэ олон намын лидер гэгчүүд нь голдуу нам дамжсан “янхнууд” юм. Тиймээс ч:

Онол төлөвшөөгүй улс төрчид нь
Нам дамжиж янхандана.
Олон сонгогчдоо хуурсан түшээд нь
Тойрог дамжиж янхандана
Олз мөрлөсөн биеэ үнэлэгчид нь
Буудал дамжин янхандана” гэдэг шиг болж дээ, бид.

Ардчиллаас ухарвал бидний хохь. Еренхийлөгч өө, энэ олон намыг тараагаад өгөөч!

Зохиолч З.Банзрагч /Сэлэнгэ аймаг/

Нам сөнөтүгэй. Соц нийгмийн үед ингэж хэлсэн хүнийг нам төрийн эсэргүү, нарнаас...

Share |
Холбоотой мэдээ
Сайн хужаа ч гэх шиг
2012.01.21
Сонгуулийн хууль ба гүн ухаантнууд
2011.12.30
Монголын цагдаа намайг хамгаалах уу?
2011.12.28
АПУ-аас салахын тулд хэв маягаа эвдэцгээе
2011.12.28
Үхлийн тэврэлт
2011.12.19
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FREEZONE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих | Вэб сайт хийх
© Чөлөөт бүс ***** Freezone.mn 2011 он. Review www.freezone.mn on alexa.com