Дуучин Нара. Хэтэрхий илэн далангүй, бас хөгжилтэй энэ бүсгүйг найзууд нь “Юу ч ярьж, юу ч хийж мэдэх хүн” гэж үнэлдэг юм билээ. Тэрбээр “Бурханаас надад бие хаа, царай зүс гээд бүх зүйлийг минь тэгш заяасан. Намайг зөвхөн баяжихийн тулд урлагт орж, Японд сурч боловсорсон гэж бодвол эндүүрэл шүү. Тийм байсан бол би өдийд ингэж нойр, хоолоо хугаслан уран бүтээлийнхээ төлөө зүтгэхгүй. Сайхан хүүхэнд дуртай японы баян эртэй суугаад аль хэдийнэ Хавайн арал руу явчихсан байна биз. Гэвч урлагийн хүчинд жаахан ч гэсэн нэр хүндтэй болмогцоо баян эртэй сууж, амар хялбар амьдрах гэсэн ядмаг арга надад таалагддаггүй. Надад хахаж цацсан хөрөнгө, дутаж гутсан хэцүү юм алга. Яг үнэндээ хайр дурлалыг ч уран бүтээлээсээ дээгүүрт тавихгүй” хэмээн зарлаж байна.
