Манай гараг дээр өдөр бүр хэдэн арван амьд организм устан үгүй болж байдаг ажээ. Энэ нь хувьслын гинжин хэлхээ тасрахад хүргэж ч магад. Үүнд сэтгэл түгшсэн эрдэмтэд гарц хайсаар байна. Парис хотын нэгэн судалгааны лабораторид ховор болон устаж мөхсөн амьтдын генийн загварыг хадгалж байдаг ажээ. Нэгэнт устаж үгүй болсон амьтдын генийг дахин сэргээх зорилго бүхий шинжлэх ухааны цоо шинэ гарч ирсэн нь молекулын археологи буюу палеогенетик юм. Палеогенетикийг үндэслэгч нь Америкийн химич К.Муллис ажээ. Тэрбээр 1993 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд учир нь цусны дусал, ясны хэлтэрхий, үс зэргийг ашиглан ДНК-г сэргээх аргыг боловсруулсан байна. Өдгөө эрдэмтэд устаж мөхсөн эртний аварга биет амьтдыг хувилахаар оролдож байна. Тухайлбал, 1977 онд Магадан мужид мөнх цэвдэг дотор 40 мянган жил хадгалагдсан Дима гэдэг нэртэй арслан зааны тугалын ясыг олжээ. Түүний ДНК-ийн загварыг гаргаж чадсанаар энэхүү мөхөж үгүй болсон сүүн тэжээлтний геномыг сэргээж чадсан юм. Францын эрдэмтэн Пуанарын үзэж байгаагаар, арслан зааныг клонын /эсийн аргаар хувилах/ аргаар дахин төрүүлж болох гэнэ. Үүний тулд дутагдаж буй генийн хэсгүүдийг жирийн заанаас авах ажээ. Түүнээс гадна, 10 мянган жилийн өмнө мөхөж үгүй болсон агуйн баавгайг клонын аргаар хувилах төлөвлөгөө эрдэмтдэд байна. Энэ араатны үлдэгдэл яс Испанийн зүүн хойд нутагт орших Атапуэрка гэдэг агуйгаас олджээ. Швед, Испани, Германы эрдэмтэд уг амьтны шүдний хэлтэрхийг ашиглан ДНК-ийн хэлхээг сэргээж чадсан байна. Гэвч өнөөдөр эдгээр амьтдыг дор нь хувилчихна гэж найдах нь арай эртэдсэн хэрэг. Учир нь эртний амьтдын ДНК-ууд нь хэд хэдэн хэсэгт задарсан байдаг учраас шаардлагатай генүүдийг цуглуулна гэдэг нь бараг л боломжгүй юм. Түүнээс гадна, маш бага хэмжээний бохирдол нь л генийг "муутгах" бүрэн магадлалтай. ДНК-ийн молекулыг цуглуулж чадлаа гэж бодоход, хромосом дахь тэдгээрийг байрлах дараалалыг тогтоох хэрэгтэй болно. Тэгэхээр нэн эртний амьтдын ген нь зөвхөн судалгааны хэрэглэгдэхүүн л болж байгаа юм. Түүнээс гадна, маш нарийн бүтэцтэй органик молекулууд нь урт удаан хугацаанд өөрийн бүтцийг хадгалах чадваргүй ажээ. 50 мянган жилийн хугацаан аливаа амьтны ДНК ус болон хүчилтөрөгчийн нөлөөгөөр бүрэн устдаг байна. Харин сүүлийн үед генийн дээжийг хадгалах банк бий болгох санаа ихэд дэлгэрч байна. Дэлхий сөнөхөд хүрвэл түүн дээрх биологийн төрөл зүйлийг хадгалан үлдэхийн тулд ийм банкийг дэлхийн өнцөг булан бүрт байгуулжээ. Тухайлбал, профессор Виталий Волобуевын удирддаг Парисын судалгааны нэгэн төвд ховор болон устаж үгүй болсон амьтдын генийн загварууд сансрынхтай ойролцоо хэмд, шингэн азот бүхий хуруу шилэнд хадгалагдаж байна. Өнөөдөр хамгийн томд тооцогдох генийн банк бол Норвегийн Шпицберген дахь «Svalbard International Seed Vault» (SISV) гэдэг ген хадгалах сан юм. Уг санг НҮБ-ын дэргэдэх төрөл зүйлийг хадгалан хамгаалах Олон улсын байгууллага байгуулсан бөгөөд түүн дотор өнөөдөр 3 сая гаруй ДНК-ийн загвар хадгалагдаж байна. Харин эрдэмтдийн үзэж байгаагаар, ийм төрлийн хамгийн боловсронгуй технологийг АНУ-ын Сан-Диего хотын мөхөж буй төрөл зүйлийг дахин сэргээх Төвд хэрэглэж байна.
Д.Жаргал
