2012.02.16
Алдарт дуучин Уитни Хьюстоны үхлийн шалтгааныг тогтоох анхан шатны шинжилгээ дуусчээ. Шинжилгээгээр дуучин бүсгүй тайвшруулах үйлчилгээтэй эм хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдсан нь тогтоогдсон байна.
Уитни Хьюстон хүчтэй үйлчилгээтэй эм, бэлдмэлээ Майкл Жексонд демерол хэмээх эм худалдсан газраас авдаг байсан аж. Тэд хоёулаа Беверли-Хиллз дэх “Mickey Fine Pharmacy” эмийн сангийн байнгын үйлчлүүлэгч байсан гэнэ.
Домогт од Майкл Жексон сэтгэл гутралын эсрэг демерол хэмээх эмийг энэ эмийн сангаас олон жилийн турш авч нөөцлөн, үүндээ хордож нас барсан билээ. Түүний цогцсыг гэрийнх нь унтлагын өрөөнөөс хувийн эмч нь олсон юм.
Тэгвэл Хьюстон ч бас ксанакс, ибупрофен, мидол, амоксицилин зэрэг тайвшруулах, сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй эмнүүдийг тус эмийн сангаас авч, тун хэтрүүлэн хэрэглэжээ. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр Уитни эм бэлдмэл их хэмжээгээр хэрэглэснээс болж бие махбодод нь хариу урвал өгч, зүрх нь хаагдсан байна.
“Грэмми”-ийн зургаан удаагийн шагналт Уитни Хьюстоны цогцос “Беверли Хилтон” зочид буудлын өрөөнөөс олдсон юм. Задлан шинжилгээгээр дуучин бүсгүйн уушгинаас ус илэрсэн тул живсэн байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Цагдаагийнхан Уитни Хьюстоны өрөөнд мөрдлөг хийх үеэрээ архи, хар тамхи илрүүлээгүй бөгөөд олон шил эм байсныг нь хураан авчээ.
Нэрт дуучныг ирэх баасан гарагт төрсөн газар болох Нью-Жерси мужийн Ньюарк хотод хөдөөлүүлнэ. Харин түүнтэй салах ёслол пүрэв гарагт 18 мянган хүний багтаамжтай концертын талбайд болох юм байна.
Өглөөний сонин
|